• Мэндчилгээ

    Та манай вэб сайтад тавтай морилно уу? Хүн анх сансарт ниссэний 50 жил, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 30 жил, Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойд зориулан энэхүү вэб сайтаа нээж байсан билээ. Энэ сайтаараа дамжуулан хоёр орны сансрын хамтарсан нислэгийн түүх, сансарт хийгдсэн эрдэм шинжилгээний туршилт, судалгаа шинжилгээний ололт амжилт, сансрын багийн гишүүдийн талаарх сонирхолтой баримт, мэдээллийг хүргэж байна. Эрхэм уншигч та сансрын хамтарсан нислэгийн талаарх мэдээллийг авч манай сайтаар тавтай аялаарай. ТА БҮХЭНД ЗӨВЛӨЛТ-МОНГОЛЫН САНСРЫН ХАМТАРСАН НИСЛЭГИЙН 35 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. Танд амжилт хүсье.

Сансрын хамтарсан нислэг

1966 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах салбарт олон улсын хамтын ажиллагааг зохицуулах зөвлөл байгуулж «Интеркосмос» гэж нэрлэжээ. Жилийн дараа 1967 онд тухайн үеийн социалист орнуудаас сансар судлалын үндэсний зохицуулагч байгууллагуудын төлөөлөгчид Москва хотноо хуран цугларч, энэ зөвлөлгөөнөөр сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах социалист орнуудын хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийг санал нэгтэй баталсан бөгөөд манай улсаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв оролцсон юм. Манай улс энэ хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулалцахаас эхлэн түүний өргөн цар хүрээтэй хамтын туршилт сорилын ажилд амжилттай оролцож байв. Социалист орны «Интеркосмос» программын дагуу танин мэдэхүй, онол практикийн ач холбогдол бүхий тулгуур асуудлыг шийдвэрлэх дан ганц энх тайвны зориулалттай ашиглах зорилгоор шинжлэх ухааны тэргүүн эгнээний олон арван гайхамшигт амжилтанд хүрчээ. Үүний нэгэн тод жишээ социалист орны иргэдийн оролцоотой сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлсэн явдал юм.