Буцах

Владимир Васильевич Коваленок

Хувийн дугаар - 83  (40)
Нислэгийн тоо -3
Нислэгийн хугацаа  – 216 хоног 09 цаг 09 минут 40 секунд  
Задгай сансарт гарсан тоо – 1
Задгай сансарт ажилласан хугацаа – 2 цаг 20 минут
Статус – ЗСБНХУ-ын сансрын нисгэгч, Нисэх Хүчний 4-р шигшээ

Төрсөн он ба газар:
1942 оны 3-р сарын 3-нд ЗСБН Белорусь Улсын Минск мужийн Крупское дүүргийн Белое тосгонд төржээ.

Боловсрол ба эрдмийн цол зэрэг:
1959 онд Зачистенскийн дунд сургуулийн 10-р ангийг мөнгөн медальтай төгссөн.  
1959 онд Ленинградын Кировын нэрэмжит Цэргийн анагаах ухааны академид элсэн орсон боловч суралцалгүй нисэхийн сургуульд шилжихээр шийдсэн.
1963 онд Балашовын Агаарын нисэх хүчний нисэгчийн дээд сургуулийг төгсөв.
1976 онд Ю.А.Гагарины нэрэмжит Цэргийн нисэхийн академийг штабын удирдлагын мэргэжлээр эчнээгээр төгссөн.
1984 онд ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх К.Е.Ворошиловын нэрэмжит Цэргийн академийг штабын удирдлага шуурхай тактикийн мэргэжлээр онц дүнтэй алтан медальтай төгссөн.
1986 оны 5-р сарын 13-нд диссертаци хамгаалан цэргийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн болсон. Докторын ажлыг бэлтгэн хамгаалж цэргийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй болсон.

Цэргийн алба:
1964 оны 1-р сарын 14-өөс Цэргийн нисэх хүчний 12-р цэргийн агаарын тээврийн дивизийн 374-р хороонд хөлгийн ахлагчийн туслагч, баруун талын нисэгчээр, 1965 оны 10-р сарын 27-оос АН-12 хөлгийн ахлагчаар цэргийн алба хааж эхэлсэн. Цэргийн анги нь Москва орчмын Чкаловский тосгонд байрлаж дэлхий рүү бууж ирсэн сансрын аппаратууд түүний дотор хөөрч байгаа сансрын хөлгүүдийн угсраануудыг хайж олох зайлуулах ажлаар мэргэжсэн байв. “Космос-33” -аас эхлээд “Союз-1” хүртэлх бүх нислэгүүдийн угсраануудыг нүүлгэн зайлуулах ажилд оролцсон. 1986 оны 2-р сарын 3-аас Дээд Ерөнхий Командлалын 37-р агаарын армийн командлагчийн орлогчоор ажилласан.
1988 оны 3-р сарын 25-аас ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн академийн стратегийн тэнхимийн орлогч даргаар ажилласан.
1992 оны 7-р сарын 16-аас 2002 оны зун хүртэл Н.Е.Жуковскийн нэрэмжит Цэргийн нисэхийн инженерийн академийн даргаар томилогдон ажиллаж байв.
2002 оны 6-р сарын 6-ны өдрийн ОХУ-ын ерөнхийлөгчийн тушаал ба ОХУ-ын БХЯ-ны 2002 оны 6-р сарын 18-ны өдрийн тушаалаар насны хязгаар хүрсэн тул ОХУ-ын Зэвсэгт хүчнээс бэлтгэл офицероор халагдсан.

Цэргийн цол зэрэг:

Дэслэгч (1963.10.23)
Ахлах дэслэгч (1965.1.04)
Ахмад (1967.11.25)
Хошууч (1970.12.15)
Дэд хурандаа (1973.07.23)
Хурандаа (1977.10.27)
Хошууч генерал (1987.05.07)
Дэслэгч генерал (1990.04.25)
Хурандаа генерал (1993.02.20), 2002.06.18-аас бэлтгэл офицер.

Сансрын нисэгчдийг бэлтгэх төв (СНБТ) дэх алба:
1969 оны 8-р сарын 18-нд СНБТ-ийн 1-р удирдах газрын 3-р тасгийн (сарны хөтөлбөрүүд) сансрын нисэгчээр томилогдсон. 
1974 оны 4-р сарын 30-нд 1-р удирдах газрын 1-р тасаг руу шилжсэн.   
1979 оны 1-р сарын 30-нд сансрын нисэгчдийн багийн зохион бүтээгч-сансрын нисэгчээр томилогдсон. 
1982 оны 1-р сарын 25-аас сансрын туршин нисэгчдийн багийн ахлагчаар ажилласан.
1984 оны 6-р сарын 23-нд шинэ ажилд томилогдсонтой холбогдон сансрын нисэгчдийн отрядаас гарсан. 1984 оны 6-р сарын 23-аас 1986 оны 1-р сар хүртэл СНБТ-ийн 1-р удирдах газрын нисэгч нарыг бэлтгэх ажил хариуцсан орлогч даргаар ажиллаж байв. 

Анхны нислэг
1977 оны 10-р сарын 9-өөс 11-нд В.Рюмины хамт “Союз-25” хөлгийн ахлагчаар ниссэн. Орбит станцтай автоматаар ч гар аргаар ч залгагдаж чадаагүй учраас 96 хоногийн нислэгийн хөтөлбөр хэрэгжээгүй.
Дуудлага:Фотон-1”.     
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 2 хоног 00 цаг 44 минут 45 секунд байв. 1977 оны 11-12-р сард “Салют-6” станц руу очих 1-р үндсэн экспедицийн хөтөлбөрийн дагуу 2-р (орлон нисэх) багийн ахлагчаар Александр Иванченковын хамт нислэгийн бэлтгэл хийсэн. 1978 оны 1-6-р саруудад “Салют-6” станц руу очих 2-р үндсэн экспедицийн хөтөлбөрийн дагуу үндсэн багийн ахлагчаар Александр Иванченковын хамт нислэгийн бэлтгэл хийсэн.

Хоёр дахь нислэг
1978 оны 6-р сарын 15-аас 11-р сарын 2-ны хооронд А.Иванченковын хамт “Салют-6” станц руу очих 2-р үндсэн экспедицийн багийн ахлагчаар ниссэн. “Союз-29” хөлгөөр хөөрч “Союз-31” хөлгөөр буулт хийсэн.
Дуудлага:Фотон-1
Нислэгийн үед задгай сансарт нэг удаа 1978.07.29-нд 2 цаг 20 минутын хугацаатай гарсан. Нислэгийн үргэлжилсэн хугацаа 139 хоног 14 цаг 47 минут 32 секунд байв.
1980 онд “Салют-6” станц руу очих экспедицийн хөтөлбөрийн дагуу зөвлөлт-румыны үндсэн багийн ахлагчаар бэлдүүлэхээр хэлэлцсэн боловч үндсэн экспедицийн хөтөлбөрөөр дахин бэлдэх нь зүйтэй гэж үзсэн. 1980 оны 9-р сараас 1981 оны 2-р сар хүртэл “Салют-6” станц руу очих 5-р экспедицийн хөтөлбөрийн дагуу 2-р (орлон нисэх) багийн ахлагчаар Виктор Савиныхын хамт нислэгт бэлдсэн. 1981 оны 2-р сард шалгалтын дүнгээр, мөн “Салют-6” станц руу илүү туршлагатай нисэгчийг явуулах шаардлагатай гэж үзсэнээс Улсын Комисс Коваленок-Савиныхын багийг үндсэн багаар, Зудов-Андреевын багийг орлон нисэх багаар томилох шийдвэр гаргасан.

Гурав дахь нислэг
1981 оны 3-р сарын 12-оос 5-р сарын 26-ны өдрүүдэд Виктор Савиныхын хамт “Салют-6” станц руу очих 5-р үндсэн экспедицийн ахлагчаар ниссэн.  
Дуудлага: “Фотон-1
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 74 хоног 17 цаг 37 минут 23 секунд байв. 1984 оны 6-р сарын 23-нд шинэ албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор сансрын нисэгчдийн отрядаас гарсан.

Хүндэт цол:
ЗХУ-ын 2 удаагийн баатар (1978 оны 11-р сарын 2, 1981 оны 5-р сарын 26).
ЗСБНХУ-ын сансрын нисэгч (1978 оны 11-р сарын 2). 
БНАГУ-ын баатар (1978).
БНМАУ-ын баатар (1981)

Ангилал:
3-р зэргийн цэргийн нисэгч (1963.10.26).
2-р зэргийн цэргийн нисэгч (1967.07.03).
3-р зэргийн сансрын нисэгч (1977.11.16).
2-р зэргийн сансрын нисэгч (1978.11.10).
1-р зэргийн сансрын нисэгч (1981.03.27).

Нийгэм улс төрийн үйл ажиллагаа: 
1989 оноос 1992 он хүртэл Беларусь улсын ардын депутат байв. 1990 оны 5-р сард Беларусь улсын Дээд зөвлөлийн тэргүүлэгчийн албан тушаалд өрсөлдсөн боловч сонгогдоогүй.
1991 оноос Беларусийн сансрын нисэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.
1995 оны 12-р сард ОХУ-ын төрийн Думын сонгуульд Константин Боровойн Эдийн засгийн эрх чөлөөний намаас нэр дэвшсэн боловч 1995 оны 12-р сарын 6-нд өөрийн хүсэлтээр нэрээ татаж авсан. 
1997 оны 2-р сарын 13 хүртэл Сансрын нислэгт оролцогчдын холбооны ерөнхийлөгч байв. “Оросын беларусууд” үндэсний соёлын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн гишүүн.
2001 оны 1-р сард Оросын сансар судлалын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Оросын нийгмийн улсын их сургуулийн орлогч захирал (2005). Оросын Дотоод явдлын яамны дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн.

Зохиол бүтээл:
“Эх орон жигүүр өгсөн” (1989), “Салют-6-аас дэлхийн агаар мандал руу харах нь”, “Наран дээрх тэсрэлтийн үеэрх ионт мандлын Ф-2 шөнийн муж”, “Сансрын хөлгүүд дээрээс Дэлхийг судлах нь”, “Мөнгөлөг үүлнүүдийн судалгаа”, “Амьдралын тойрог замууд. Сансрын нисэгч Виктор Коваленок” (2005) номуудын зохиогч. 150 гаруй хэвлэгдсэн бүтээл, 7 монограф, түүний дотор сансар болон цэргийн ухааны 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэлтэй.

Шагналууд:
ЗХУ-ын баатрын “Алтан таван хошуу” медалиар хоёр удаа (1978.11.02, 1981.05.26), Лениний одонгоор гурван удаа (1977.11.15, 1978.11.02, 1981.05.26), “ЗХУ-ын Зэвсэгт хүчинд эх орны төлөө” 3-р зэргийн одон (1991.08.12), “Эх орны гавъяа” 3-р зэргийн одон (1996.05.16), ойн медалиудаар 8 удаа шагнагдаж байв. Мөн БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” медаль, Сүхбаатарын одон (Монгол, 1981), БНАГУ-ын баатрын “Алтан таван хошуу” медаль, Карл Марксын одонгоор (Ардчилсан Герман, 1978), Грюнвальдын 3-р зэргийн загалмайгаар (Польш, 1978) шагнагдаж байсан.

Нийгмийн шагналууд:
Нийгмийн шинжлэх ухааны олон улсын академиас олгосон “Эх орны алдар” үндэсний шагналын “Оросын алдар” номинацийн шагналтан (2008), “Эх орны алдар” 2-р зэргийн одон (2008). 

Гэр бүлийн байдал:
Эцэг – Коваленок Василий Васильевич, 1918 онд төрсөн.
Эх – Коваленок Ольга Николаевна, 1920.04.13-нд төрсөн. 
Дүү – Коваленок Василий Васильевич, 1946.05.01-нд төрсөн, ажилчин.
Эхнэр – Коваленок (Беспалова) Нина Васильевна, 1940.09.22-нд төрсөн, СНБТ-д ажиллаж центрифуг дээрх дасгал сургуулилтыг явуулдаг байв. 
Охин – Коваленок Инесса Владимировна, 1966.04.13-нд төрсөн.
Хүү – Коваленок Владимир Владимирович, 1971.06.04-нд төрсөн.

Буцах