Зөвлөлт-монголын сансрын хамтарсан нислэгийн үеэр хийсэн эрдэм шинжилгээний сорил, туршилтууд

Владимир Александравич Жанибеков, Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй Зөвлөлт-Монголын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр Улаанбаатарын цагаар 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 59 минутанд нислэгээ эхэлж, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутанд дуусгасан юм. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан баг сансрын уудмыг судлан эзэмших олон улсын “Интеркосмос” программын дагуу сансарт нисч тойрог замын  эрдэм шинжилгээний “Салют-6”, “Союз”, “Прогресс” цогцолбор дээр, сансрын нисэгч Владимир Ковалёнок, Виктор Савиных нартай хамтарч эрдэм шинжилгээний судалгаа, туршилтуудыг амжилттай хийж гүйцэтгэв.
МУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Зөвлөлтийн сансрын нисэгчидтэй хамтарч 30 орчим эрдэм шинжилгээний сорил туршилтыг хийсэн юм.
Эрдэм шинжилгээний туршилтуудыг сонгон авахдаа дор дурдсан зарчмуудыг баримталсан юм.Үүнд:

Нэгдүгээрт: Зөвлөлт-Монголын эрдэмтэд бараг 60 жилийн турш хамтран явуулж байгаа судалгаа шинжилгээний ажлыг энэ удаад сансрын техникийг ашиглан үргэлжүүлж явуулах

Хоёрдугаарт: Олон улсын “Интеркосмос” программын дагуу манай улсын эрдэмтэд хамтран явуулж байгаа уламжлалт судалгааг үргэлжлүүлэн баяжуулж, сансрын уудамд хийж гүйцэтгэх

Гуравдугаарт: Хоёр талын болон олон талын судалгаагаар “Интеркосмос” программын дагуу үргэлжлүүлэн явуулж болох шинэ сэдвүүдийг сонгон авах

Дөрөвдүгээрт: Дэвшүүлэн тавьсан туршилтуудын багаж төхөөрөмжийг зөвлөлтийн эрдэмтдийн зөвлөмж, дэмжлэгийн үндсэн дээр эх орондоо хийх зэрэг болно.
Үүний үндсэн дээр сансрын физик, технологи, эмнэлэг, биологи дэлхийг алсаас тандах чиглэлээр эрдэм шинжилгээний сорил туршилтуудыг сонгон авсан юм.
Эдгээр туршилтыг МУ-ын ШУА-ийн физик техник, хими, ботаник, геологи, газарзүй зэрэг хүрээлэнгүүд болон геодези зурагзүйн газар, ус цаг уурын эрдэм шинжилгээний институт зэрэг олон газар оролцсон юм.

ШУА-ийн физик техникийн хүрээлэнгийн эрдэмтэд, зохион бүтээгчид зөвлөлтийн эрдэмтдийн тусламж зөвлөлгөөнөөр зохион бүтээсэн ВПА-1М, ВПА-2, УСП-2, ДП-1, ДП-2 зэрэг багаж төхөөрөмжүүд сансрын онцлог нөхцөлд ямар ч саадгүй ажиллаж, өндөр үнэлэлт авлаа. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан баг сансарт явуулсан туршилтуудаас авч үзье.

Зөвлөлт-монголын сансрын хамтарсан нислэгийн үеэр хийсэн эрдэм шинжилгээний сорил, туршилтууд
Дэлгэрэнгүй