РУ
EN
ЗӨВЛӨЛТ МОНГОЛЫН САНСРЫН ХАМТАРСАН НИСЛЭГ

Мэндчилгээ

Эрхэм хүндэт нөхөд өө,

 

Монгол Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэг, Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд дэвшүүлж, ажил үйлсэд тань амжилт бүтээл, амьдрал тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 160 дугаар тогтоолын дагуу энэ түүхт ойн баярын өдрийг тэмдэглэх шийдвэр гарч ойн баярын арга хэмжээг улс орон даяар зохион байгуулах ажлын хэсгийг Монгол Улсын засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ахлуулан байгуулсан юм. Энэ жил олон түүхт үйл явдлуудын тэгш ойнууд давхацсан онцлог сайхан жил болж байна.

2021 онд Орос Монгол хоёр орны хооронд найрамдалт дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр орны ард түмэн ёслон тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол хүн сансарт ниссэн үйл явдал нь 100 жилийн дипломат харилцааны түүхтэй Орос Монголын ард түмний ахан дүүсийн найрамдалт хамтын ажиллагааны түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн сансар огторгуйн уудамд мөнхөрсөн үйл явдал болсон юм.

Монгол Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн ойн арга хэмжээний хүрээнд манай залуу эрдэмтэн судлаачид, зохион бүтээгч залуус “Сансар судлал ба сансрын техник технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэ хурлаар Монгол улсад сансрын техник технологийг хэрхэн хөгжүүлж байгаа, сансрын станцуудаас авсан өндөр нарийвчлалтай зайнаас тандан судлах өгөгдлийг боловсруулан орон зай, цаг хугацааны өндөр нарийвчлалтай мэдээллийг гарган авч байгаа талаарх олон илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Орчин үеийн сансрын техник технологийн ололт амжилтыг Монголын нийгэмд сурталчлан таниулсан олон сайхан ажлууд, түүний дотор сургуулийн сурагч багачуудад зориулсан Сансар огторгуйд хүрэх зам хичээлийг Монгол Улсын Шинжлэх ухааны академиас бэлтгэн сансрын баярын өдөр бүх орон даяар Монгол орны сурагч хүүхдүүдэд цахим хэлбэрээр хүргэх ажлыг зохион байгууллаа.

Сансрын баярын өдрүүдээр тус салбарт ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид харилцан ярилцаж Засгийн газрын дэргэдэх Сансрын зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ШУА, болон их дээд сургууль хувийн хэвшил, сонирхогч талуудын оролцоо хамтын ажиллагааг хангасан сансрын техник технологи хөгжүүлэх үндэсний лабораторийг шинээр баригдаж буй Шинжлэх ухаан инновацийн кластерийн төвд байгуулах талаар санал бодлоо солилцлоо. Бид бүгдээрээ хүчин чадал нөөц бололцоогоо нэгтгэн, нэг зүгт чиглэн хичээн ажиллавал ойрын ирээдүйд сансар судлалын лабораторитой, дадлага туршлагатай үндэсний боловсон хүчинтэй болж Засгийн газрынхаа нэгдсэн бодлого, санхүүгийн дэмжлэгтэйгээр бага оврын хиймэл дагуулуудыг зохион бүтээж сансар судлалын олон талт үйл ажиллагааг олон улсын түвшинд гүйцэтгэхийн төлөө хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Сансрын хамтарсан нислэгийн 41 жилийн ойн баярын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Боловсрол шинжлэх ухааны яам, ШУА болон эрдэмтэн багш судлаачид, бүх хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье.

Сансрын нисэгч                                  

Жүгдэрдэмидийн Гүррагчаа

Сансрын хамтарсан нислэг

1966 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах салбарт олон улсын хамтын ажиллагааг зохицуулах зөвлөл байгуулж «Интеркосмос» гэж нэрлэжээ. Жилийн дараа 1967 онд тухайн үеийн социалист орнуудаас сансар судлалын үндэсний зохицуулагч байгууллагуудын төлөөлөгчид Москва хотноо хуран цугларч, энэ зөвлөлгөөнөөр сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах социалист орнуудын хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийг санал нэгтэй баталсан бөгөөд манай улсаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв оролцсон юм. Манай улс энэ хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулалцахаас эхлэн түүний өргөн цар хүрээтэй хамтын туршилт сорилын ажилд амжилттай оролцож байв.


Социалист орны «Интеркосмос» программын дагуу танин мэдэхүй, онол практикийн ач холбогдол бүхий тулгуур асуудлыг шийдвэрлэх дан ганц энх тайвны зориулалттай ашиглах зорилгоор шинжлэх ухааны тэргүүн эгнээний олон арван гайхамшигт амжилтанд хүрчээ. Үүний нэгэн тод жишээ социалист орны иргэдийн оролцоотой сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлсэн явдал юм.

Монгол Тулгатны 100 эрхэм Ж.Гүррагчаа

2020 оны 6-р сард болох Астрономын онцлох үйл явдал

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд 20-иод байгууллагын 16 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэгдсэн.

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт архивын баримтын үзэсгэлэн

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан зохион байгуулах “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэнд Монгол Улсын Архивын Ерөнхий газар, ОХУ-ын ШУА-ийн архив, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, МОНЦАМЭ агентлаг, Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын аеронастикийн холбоо, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын сансрын технологийн холбоо, Марс-В төсөл, Монсаат хөтөлбөр, МУИС-ын Мазаалай хөтөлбөр зэрэг байгууллагууд болон хувь хүмүүс оролцож байна. Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол Улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан конвенциудад нэгдсэн тухай, ЗХУ-ын сансрын нисэгчдэд “БНМАУ-ын баатар” цол олгосон зарлигууд болон Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулсан сонирхолтой баримтуудыг анх удаа дэлгэн үзүүлж байна.

Баярын мэндчилгээ

САНСРЫН НИСГЭГЧ Ж.ГҮРРАГЧААД ЦЭРГИЙН ТӨМӨР ЗАМЫН НАЙЗУУДААС НЬ БАЯР ХҮРГЭЕ